by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Л.Бямбасүрэн: Эмнэлгийн үзүүлсэн бүх тусламж, үйлчилгээг ЭМДЕГ санхүүжүүлнэ гэж ойлгож болохгүй

2021/01/21    1788 Үзсэн   

Манай улсын эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар төр, засгаас багагүй анхаарч, олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж байна.

Ялангуяа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход дорвитой алхам хийж байгаа билээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцсан юм.

-УИХ-аас Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зарим заалт нь энэ оны эхнээс хэрэгжиж байна. Эдгээр өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Манай эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтийг хийж, зөв тогтолцоонд оруулах эмнэлгийн тусламжийн төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах олон том ажлын гол эрх зүйн суурь болох Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай, бусад хуульд өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийсэн.
Эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг боллоо.

Өмнө нь төр хариуцах тусламж, үйлчилгээг улсын төсвөөс зардлын зүйл ангиар санхүүжүүлдэг (улсын эмнэлэгт цалин, халаалт, цахилгааны зардал гэх мэт тогтмол зардал болж очдог), эрүүл мэндийн даатгал хариуцах тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний тохиолдлоор санхүүжүүлдэг байсан. Улсын эмнэлэг зарим санхүүжилтээ нэг хэсгийг нь улсын төсвөөс, зарим санхүүжилтээ даатгалын сангаас авдаг байсан гэсэн үг. Харин хувийн эмнэлэг төр хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлсний төлөө санхүүжилт авдаггүй, иргэн төлбөрийг нь бүрэн хариуцдаг байсан.Төр хариуцах тусламж, үйлчилгээний төрлийг Эрүүл мэндийн тухай хуулинд заасан байдаг бөгөөд үүнд хүүхэд, гэмтэл, хавдар, төрөх, яаралтай тусламж зэрэг багтдаг.

Харин одоо бүх эмнэлэг, улсын хувийн ялгаагүй, иргэдэд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах боломж нээгдэж байна.

Үүнд төр хариуцах болон эрүүл мэндийн даатгал хариуцах тусламж, үйлчилгээ бүгд орж байгаа. Ингэснээр эмнэлгүүдийн хооронд чөлөөт өрсөлдөөн бий болох, сангуудын үйл ажиллагааны зардал хэмнэгдэх, санхүүжилтийн хуваагдмал байдал арилах давуу талтай юм. Энэ бүхэн өнөөдөр эрүүл мэндийн салбарыг бодлогоор удирдан чиглүүлж байгаа удирдлагатай салшгүй холбоотой. Т.Мөнхсайхан сайд эрүүл мэндийн салбарт 10 гаруй жил ажиллаж, хоёр томоохон эмнэлгийг удирдаж байсны хувьд салбарт тулгамдаж байгаа асуудал,хийх шаардлагатай олон өөрчлөлтийг эхлүүлсний нэг томоохон ажил нь эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хийгдсэн энэ шинэчлэл юм.

Нэг зүйлийг тодруулж тайлбарлах хэрэгтэй байх.

Эмнэлгийн үзүүлсэн бүх тусламж, үйлчилгээг ЭМДЕГ санхүүжүүлнэ гэж ойлгож болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө хязгаарлагдмал учир байгаа нөөцдөө тохируулан нэн тэргүүнд санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний жагсаалтыг гаргаж, үнэ өртгийг нь тооцох ажил хийгдээд дуусах шатандаа явж байна.

Иргэнд зайлшгүй шаардлагатай, эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн талаасаа үр ашигтай тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлох нь худалдан авагч байгууллагын чухал үүрэг. Эдгээр тусламж, үйлчилгээг даатгуулагчид чанартай, хямд үнээр үзүүлж чадах улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагыг ЭМДЕГ сонгон шалгаруулж, гэрээ байгуулна. Ямар тусламж, үйлчилгээг аль эмнэлгээс, хэдий хэр үнээр, ямар аргаар худалдан авах нь даатгуулагч болон санд ашигтай байх вэ гэдэг шийдвэрийг ухаалгаар, оновчтой шийдэх нь худалдан авагч байгууллагын чухал үүрэг бөгөөд үүнийг стратегийн худалдан авалт гэж нэрлээд байгаа юм.

ЭМДЕГ-ын гол зорилго нь иргэн-даатгуулагчийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах, чанартай тусламж, үйлчилгээг худалдаж авч өгөх явдал. Үүний тулд эрүүл мэндийн байгууллагыг сонгон гэрээ хийх шаардлага үүсч байгаа юм. Иргэндаатгуулагчийн хувьд ЭМДЕГтай гэрээтэй улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагаас өөрт шаардлагатай, чанартай тусламж, үйлчилгээг авах боломжтой болно. Гэхдээ энэ тусламж үйлчилгээ нь ЭМД-ын Үндэсний зөвлөлөөс баталсан багцад орсон тусламж үйлчилгээ байх юм. Энэ тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас худалдаж авах тусламж, үйлчилгээний өртгийг тооцож, хэдийг нь даатгалаас даах, хэдийг нь иргэн төлөхийг мөн тодорхойлж өгнө. Хамгийн гол нь шаардлагатай тусламж, үйлчилгээ авахдаа иргэн халааснаасаа төлбөр төлөхгүй байх тал дээр илүүтэй анхаарна.

-Эрүүл мэндийн байгууллагуудыг иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг харгалзаж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр болсон. Төсвийн байгууллагууд тогтмол болон урсгал зардлаа хэрхэн зохицуулах вэ?

-Дээр хэлсэнчлэн улсын болон хувийн эмнэлгүүд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор ЭМДЕГ-аас тогтоосон тарифын дагуу санхүүжилтээ авна. Энэ тарифыг тусламж, үйлчилгээний өртгийн судалгаан дээр үндэслэн тогтоож байна. Өртгийн судалгааг улсын болон хувийн эмнэлгүүдийн тогтмол ба урсгал зардлын мэдээнд дүн шинжилгээ хийж тооцоолон гаргаж байгаа юм. Тус өртөгт тогтмол, урсгал болон тусламж, үйлчилгээний зардал бүгд багтсан. Өөрөөр хэлбэл, тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эм, хэрэгсэл, эмчийн цалин, байр, дулаан, цахилгаан, захиргааны зардал гээд бүгд шингэсэн. Тийм учраас улсын эмнэлгийн тогтмол зардлыг тусад нь санхүүжүүлнэ гэсэн ойлголт одоо байхгүй. Яг адилхан тарифаар хувийн эмнэлгүүд ч санхүүжилтээ авна. Санхүүжилтийн хувьд улсын болон хувийн эмнэлэг яг адилхан нөхцөлд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Ингэснээр хэн сайн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлнэ, тэр эмнэлэг илүү санхүүжилт авах болно.

-Иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаар хоёр сая төгрөг байсныг болиулсан. Үүний ач холбогдол нь юу байх вэ?

-Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаарыг хоёр сая төгрөгөөр тогтоож, саяхныг хүртэл баримталж ирсэн бөгөөд 2021 оноос даатгуулагч эмчийн заавар, эмнэлзүйн удирдамжийн дагуу шаардлагатайэрүүл мэндийн тусламж, үйлчилгээг буюу өндөр өртөгтэйтусламж, үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүйгээр даатгалын сангаас авахаар болсон. Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардалд жилийн хязгаар тавих нь даатгуулагчийг эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой харшилж байгаа юм. Даатгуулагч өвдөхгүй л бол хэдэн ч жил шимтгэлээ төлөөд тусламж, үйлчилгээ авахгүй явж болно. Гэнэт нэг өдөр зүрхний хагалгаанд ороод 10 сая төгрөг шаардлагатай болоход даатгал төлбөрийг нь даадаг байх ёстой. Гэтэл жилийн хоёр сая төгрөгийн хязгаарлалттай байгаа тохиолдолд даатгуулагч найман сая төгрөгийг өөрөө төлөх шаардлагатай болж байгаа юм. Яг шаардлагатай үед нь даатгуулагчаа санхүүгийн эрсдэлээс хамгаалахын тулд энэ хязгаарлалтыг байхгүй болгосон.

-ЭМД нь рашаан сувилал, бусад үйлчилгээнд /эрүүл мэндийн бүх төрлийн/ ямар нөлөөтэй вэ?

-ЭМД-ын шимтгэл манай улсад маш бага буюу дөрвөн хувь л байгаа. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангийн нөөц хязгаарлагдмал байдаг. Байгаа нөөцдөө тохируулан даатгуулагчид нэн тэргүүнд шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэх ёстой. Тусламж, үйлчилгээ нь эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх учиртай. Эдгээр шалгуураар даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээг эрэмбэлэн тэргүүлэх чиглэлээ тогтоох нь даатгалын байгууллагын нэг чухал үүрэг. ДЭМБ болон эрүүл мэндийн санхүүгийн зөвлөхүүдийн нэн тэргүүнд өгч буй зөвлөмж бол энэ. Улс орон бүр өөрийн боломждоо тааруулаад даатгалаас даах тусламж, үйлчилгээний багцаа тодорхойлдог. Сангийн нөөц нэмэгдэх тусам даатгалаас даах тусламж, үйлчилгээний тоо, төрлөө цаашдаа нэмж болно. 

Даатгалын сан стандарт үйлчилгээ, стандарт өрөөг л санхүүжүүлнэ. Илүү тансаг өрөө, тансаг үйлчилгээг санхүүжүүлэх боломжгүй. Бүх улс оронд ийм л жишгээр явж байна.

-ЭМД-ын санд хуримтлуулсан фондоосоо огт үйлчилгээ аваагүй даатгуулагчид ямар урамшуулал олгодог вэ. Хугацаа нь ямар байх бол /3-5 жил гэдэг ч юм уу/?

Эрүүл мэндийн даатгал нь эв санааны зарчимд тулгуурладаг, залуучууд нь хөгшдийнхөө, өндөр орлоготой нь бага орлоготой иргэдийнхээ, эрүүл нь өвдсөн хүнийхээ эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцдаг бүх хүн амыг хамарсан эрсдэлийн сан юм.

Тусламж, үйлчилгээ аваагүй гээд урамшуулал олгох нь энэ сангийн үндсэн зарчимд нийцэхгүй. Таны төлсөн шимтгэл таны эмээ өвөө, хүнд өвдсөн хэн нэгний тусламж, үйлчилгээнд зарцуулагдаж байгаа.

Та өнөөдөр залуу, эрүүл, өвдөж зовоогүй байж болно. Гэхдээ та хөгшрөөд, өвдөөд ирэхэд даатгалын сангийн үр шимийг хүртэх болно гэсэн үг.

-Эрүүл мэндийн байгууллагын шатлал үл харгалзан үйлчлүүлэх боломжтой болж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Шатлал үл харгалзан үйлчлүүлдэг болно гэсэн зүйл байхгүй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 7.6-д “Өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвөөс иргэнийг эмнэлгийн лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэгт илгээхтэй холбогдох харилцааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна” гэж заасан байгаа. Энэ нь Эрүүл мэндийн сайдын баталсан холбогдох журмаар зохицуулагдана гэсэн үг. Анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр ЭМЯ, Засгийн газраас онцгой анхаарч, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох санхүүжилтийн хэмжээг өнгөрсөн онд хоёр дахин нэмсэн. Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэхэд анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх нь хамгийн чухал бөгөөд иргэдийн эрүүл мэндэд хийх тогтмол хяналтыг хамгийн үр дүнтэй, бага зардлаар хийхэд чухал ач холбогдолтой юм. Өндөр хөгжилтэй бараг бүх оронд анхан шатаар дамжилгүй дараагийн лавлагаа шатлалд очих боломжгүй байдаг. Анхан шатны хаалга баригчийн үүрэг нь салбар үр ашигтай ажиллахад маш чухал үүрэгтэй гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдгийн баталгаа нь энэ юм.

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд насны дөрвөн ангиллаар, товлосон хугацааны дагуу хамрагдах юм байна. Үүнийг хэрхэн ойлгох вэ, ямар үндэслэлээр ингэж насаар нь ангилсан юм бэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгийн болон нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчлөлийг, жишээ нь, зүрх судасны өвчлөл, харвалт, хавдрыг эрт илрүүлэх багц боловсруулж байна. Иргэн хүнийг ямар насанд нь хэдий хугацаанд эрт илрүүлэгт хамруулах вэ гэдгийг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн тогтоодог. Энэ нь иргэний эрүүл мэндийн хувьд ч, эдийн засгийн талдаа ч маш чухал. Багц тодорхой болохоор иргэддээ мэдээлнэ.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг хариуцсан шинэ агентлаг байгуулахаар болсон. Түүний ач холбогдлын талаар тайлбарлана уу?

-Эмийн зохицуулалтын асуудал хариуцсан агентлаг байгуулагдсан.

Энэ агентлагийн асуудал маш олон жил дуншсаныг сая Эрүүл мэндийн сайдын хүчин чармайлтаар шийдвэрлэлээ. Тус агентлагийн ажил нь эмийн чанарын хяналт, үнийн зохицуулалтыг сайжруулахад чухал үүрэгтэй гэж харж байгаа. Даатгуулагчийн эмчилгээнд хэрэглэж буй эм чанартай байвал эмчилгээний үр дүн сайжирна.

Эмийн үнийн зохицуулалт сайжирч байж даатгуулагчид чанартай эмийг хямд үнээр олгох боломж бүрдэнэ. Эмийн үнийг зохицуулахгүй бол даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн санхүүжилтийг хэчнээн нэмсэн ч эмийн үнэ нөгөө талдаа өсөөд байвал үр дүн төдийлөн гарахгүй, иргэний эмэнд төлөх төлбөрийн хэмжээ буурахгүй. Энэ утгаараа эмийн зохицуулалтын агентлаг нь даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чухал үүрэгтэй гэж үзэж байна.

-UPTODATE гэсэн удирдамжтай боллоо гээд байгаа. Энэ талаар тодруулна уу?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр “Даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэхэд баримтлах шалгуур бүхий журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах” гэж заасан. Энэхүү өөрчлөлтийн дагуу ЭМДЕГ буюу худалдан авагч байгууллага нь тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг тодорхой шалгуураар хийх, шалгуурыг боловсруулахдаа олон улсын эмнэлзүйн удирдамж ашиглах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Чанарын шалгуур хангаагүй эрүүл мэндийн байгууллагад одоогийнх шиг зөвхөн зөвлөмж өгөөд зогсохгүй төлбөрийг нь олгохгүй байх эрх зүйн орчин ч нээгдлээ. Эдгээр хууль эрх зүйн өөрчлөлт нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх, тусламж, үйлчилгээг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан аргаар хүргэх боломжийг нээж буй салбарын томоохон шинэчлэл юм.

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний (20202026) 2.6 дугаар зорилтын хүрээнд ч “Олон улсад хүлээн зөвшөөрсөн цахим платформыг сонгон элсэж, өргөнөөр хэрэглэгддэг эмнэлзүйн заавар, стандарт, хөтчийг ашиглах боломжийг бүрдүүлнэ“ хэмээн заасан. Тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд санхүүжүүлэгч байгууллагын шаардлага, санхүүжилтийн хөшүүрэг маш чухал үүрэгтэй болохыг олон улсын судалгаа, нотолгоо бэлхнээ харуулж байгаа билээ. Дээрх шаардлагын улмаас олон улсын эмнэлзүйн удирдамжийн цахим платформыг эрүүл мэндийн байгууллагууд, эмч нар ашиглах шаардлагатай болж байна. Олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг цахим платформ нь UpToDate бөгөөд үүнийг дэлхийн 191 орны 37500 эрүүл мэндийн байгууллага, 1,7 сая эмч хэрэглэдэг.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилга, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, байгууллагын боловсруулсан эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн дээрх “UpToDate” цахим платформыг манай бүх шатлалын эмнэлгийн эмч, сувилагч, резидент, холбогдох бусад мэргэжилтэн, оюутнууд хэрэглэх боломж бүрдсэн.

“UpToDate” платформыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас манайд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг платформыг хэрэглэх эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын баталгаажсан бүртгэлтэй нийт 304 IP хаягийн 37 хувь буюу 112 IP бүртгэлтэй хаягаас нийт 2058 хэрэглэгч бүртгүүлж, олон улсад ашигладаг 13 мянган төрлийн эмнэл зүйн удирдамж, заавар бүхий мэдээллийн эх сурвалжид хайлт хийж ашигласан байна. Энэ нь манай эмч, мэргэжилтнүүдийн олон улсад оношилгоо, эмчилгээнд гарч буй шинэ арга, аргачлал, сүүлийн үеийн шинэчлэгдсэн эмнэлзүйн удирдамжтай танилцах, суралцах, эмнэл зүйн шийдвэр гаргахдаа ашиглах улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чухал алхам болохоос гадна манай эмч мэргэжилтнүүдийн дунд уг флатформыг ашиглах хүлээлт, эрэлт хэрэгцээ их байсныг харуулж байгаа хэрэг юм.

Д.МӨНХЖАРГАЛ
“Монголын үнэн” сонин

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй