by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Олон улсын эмнэлзүйн UPTODATE платформыг эмч нар эмчилгээндээ үнэ төлбөргүй ашиглах боломжтой боллоо

2020/12/23    1397 Үзсэн   

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг Засгийн Газраас бүрдүүллээ. Энэ нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, чанартай тусламж, үйлчилгээг ард иргэддээ хүргэх, оношилгоо, эмчилгээний аргыг олон улсын жишигт нийцүүлэхэд маш чухал алхам бөгөөд Засгийн газраас эмч нартаа оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт юм.

“UpToDate” нь олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг цахим платформын нэг бөгөөд дэлхийн 191 орны 37,500 эрүүл мэндийн байгууллага, 1.7 сая эмч өнөөдрийн байдлаар эмнэлзүйн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Манай улсад уг цахим платформыг Интермед, ЭХЭМҮТ, УНТЭ л ашигладаг байсан бол одоо улсын хэмжээнд бүх эмнэлэг, эмч, сувилагч, резидент, оюутан ашиглах боломж нь ийнхүү бүрдэж байгаа юм. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2020-2026-ын “Олон улсад хүлээн зөвшөөрсөн цахим платформыг сонгон элсэж, өргөнөөр хэрэглэгддэг эмнэл зүйн заавар, стандарт, хөтчийг ашиглах боломжийг бүрдүүлнэ“ гэсэн нэгэн зорилт ийнхүү биеллээ олж байна. Үүний үр дүнд энэхүү цахим платформд байх удирдамжийг эмч нар эмнэл зүйн шийдвэр гаргахдаа ашиглах, олон улсын сайн туршлагыг оношилгоо, эмчилгээндээ нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллага, эмч нарын оношилгоо, эмчилгээний арга барилын зөрүүтэй байдал буурах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрах боломж бүрдэнэ.

Эмч нарт олон улсын эмнэлзүйн удирдамж ашиглах боломжийг нэг талаас бүрдүүлэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавихдаа мөн олон улсын эмнэлзүйн удирдамжийг ашиглах хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2020 оны 8 дугаар сард бүрдүүлж өгсөн.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр “Даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэхэд баримтлах шалгуур бүхий журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах” (14.8.7), “Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох” (16.1.5) болсон нь даатгуулагч болон ард иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хийгдсэн хууль эрх зүйн томоохон өөрчлөлт болсон. ЭМДЕГ нь олон улсын удирдамжид суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг хангуулах, сайжруулахад хяналт тавих шалгуурыг боловсруулан эмнэлгийн байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр цахим хяналт хийх юм. Ингэснээр манай улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна хэмээн үзэж байна.

Тус платформыг ашиглах эрх нь өндөр үнстэйгээс эмч нар маань төдийлөн ашиглаж чаддаггүй байсан (нэг хүний нэг жилийн эрх доод тал нь 299 ам доллар). ЭМДЕГ, ЭМЯ-наас удаа дараагийн хэлэлцээрийг Wolters Kluwer компанитай хийсний үр дүнд улсын эмнэлгийн эмч нарт ашиглах эрхийг маш бага үнээр авах боломжийг бүрдүүлсэн нь маш том амжилт юм.

Цаашид хувийн эмнэлгүүдийн эмч нарт эрхийг хямд үнээр авах боломжийг шат дараатай нээж ажиллах болно.

“UpToDate” цахим сангийн давуу талууд:

  • Оношилгоо, эмчилгээнд гарч буй шинэ арга, аргачлалын талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид тогтмол судалж, баяжилт хийдэг.
  • Өвчний мэдээллийг түлхүүр үгийн тусламжтай богино хугацаанд хайж олох боломжтой бөгөөд сэдэв бүрд хамаарах олон улсад ашиглагддаг эмнэл зүйн хамгийн сүүлд шинэчлэгдсэн удирдамжийг ашиглах боломжтой. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Англи, Америк, Япон, Канад, Австрали зэрэг улсын эмнэл зүйн удирдамжуудтай.
  • Цахим санг ашиглан тасралтгүй сургалтын кредит авах боломжтой.
  • Үйлчлүүлэгчид зориулсан мэдээллийн хэсэгтэй, тэр нь энгийн үг хэллэг, агуулгаар бичигдсэн байдаг.
  • Эмнэл зүйн хэмжилт болон эмийн харилцан үйлчлэлийг тооцоолох боломжтой.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй