by
7010-1128

Мэдээ мэдээлэл

ЭМДҮЗ-ийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийн танилцуулга

2019/06/05    472 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 тоот тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн 2125 эрүүл мэндийн байгууллагатай 2019 онд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах” болон “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх  үйлчилгээг худалдан авах” гэрээ байгуулан ажиллаж байна.

Тус газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12, 9.4, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.9 дэх заалтуудын хэрэгжилтийг хангах хүрээнд “Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох журам” болон “Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээний урамшуулалд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г боловсруулан ЭМДҮЗ-өөр батлуулахаар хүргүүлээд байна.

Мөн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд ЭМДҮЗ-ийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй спортын клубт тавигдах шаардлагыг шинээр боловсруулан батлуулах зайлшгүй шаардлага, үндэслэл бий болсон юм.

Одоогийн байдлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/178/А144 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Спортын клубыг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу спортын клубуудыг дээрх яамдууд магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү тогтоол батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн спортын клубыг сонгон шалгаруулж, даатгалын гэрээ байгуулах, нөгөө талаас даатгуулагчид өөрийн нас, хүйс, биеийн онцлог, сонирхлыг харгалзан даатгалын гэрээтэй спортын клубт тодорхой хөтөлбөр, зааврын дагуу өөрт тохирсон идэвхитэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын сангаас урамшууллын зардлыг авах боломжтой болох юм.

Тогтоолын төслийг хавсаргав.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2019 оны …дугаар

сарын …өдөр                                      Дугаар…                            Улаанбаатар хот

 

Журамд нэмэлт оруулах тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12, 9.4, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.11 дэх заалт, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Журам батлах тухай” 2018 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-д доор дурдсан агуулгатай 4.6 дахь “Спортын клуб” заалтыг нэмсүгэй.

4.6.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба зөвшөөрөл авсанаас хойш 1-ээс доошгүй  жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

4.6.2.Магадлан итгэмжлэгдсэн байх;

4.6.3.Холбогдох стандартын шаардлага хангасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх, зорчих нөхцөл, боломж бүхий зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг байх;

4.6.4.Үйлчилгээ үзүүлэх спортын төрөл тус бүрээр сургалт-дасгалжуулалт эрхэлж буй талаар тухайн спортын холбоонд бүртгэлтэй байх,

4.6.5.Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан албан ёсны хаяг, байршилд холбогдох стандартад заасан хүний нөөц, тоног төхөөрөмжөөр хангагдсан  байх;

4.6.6.Идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн баримт нь татварын НӨАТУС-д  холбогдсон, хувь хүнд олгодог байх;

4.6.7.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргадаг, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх;

4.6.8.Аж ахуй нэгжийн орлогын албан  татвар тогтмол төлдөг, татварын өргүй  байх;

  1.             Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан даатгуулагчид идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах, тэнцсэн спортын клубтэй даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сурталчлах, мэдээлэх ажлыг холбогдох газруудтай хамтран шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Г.Баясгалан)-т даалгасугай.
  2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-д даалгасугай.

 

              ДАРГА                                          Д.САРАНГЭРЭЛ

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй