by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг иргэд даатгуулагчдад чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх талаар чиглэл өглөө

2020/04/14    692 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь өнөөгийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолоор баталсан үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд уг жагсаалтад багтсан 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэршлийн эмийг даатгалын байгууллагатай гэрээ бүхий 1026 эмийн сангаар дамжуулан 20-93 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээнд 2010 онд давхардсан тоогоор 380 мянган даатгуулагчдад 2.0 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулж байсан бол 2019 онд дээрх үйлчилгээнд давхардсан тоогоор 1,5 сая даатгуулагчдад 40.6 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан. Энэ нь 2010 онтой харьцуулахад эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын тоо ойролцоогоор 7 дахин, нийт санхүүжилт 20 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Манай улсад коронавируст халдвараас шалтгаалсан нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд даатгуулагчдын хөнгөлөлттэй эм худалдан авах хэрэгцээ ихээр нэмэгдэж, эмийн үнийн хөнгөлөлтийн жор бичилт энэ оны  4-р сард эрс нэмэгдээд байна.

Тухайлбал хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж буй даатгуулагчдын тоо 2020 оны 2-р сарын сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд 23.3 мянга байсан бол 3-р сарын сүүлийн тав хоногт  53.4 мянгад хүрч 2,3 дахин нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар зарим өрхийн эмч нар даатгуулагчийн онош, насанд тохироогүй эм бичих, өндөр үнэтэй эмийг нэг хүнд болон гэр бүлийн гишүүдэд их хэмжээгээр бичих болон ижил найрлагатай эмийг давхардуулан бичсэн зэрэг зөрчил гаргасан байна.

Мөн зарим эмийн сан дээрх зөрчилтэй жороор эм олгосон, эмийн нөөцөө хангаагүйн улмаас даатгуулагчдыг буцаасан, даатгалын санхүүжилтийг олгосон хэдий ч сарын эхэнд орж ирээгүй гэх шалтгаанаар иргэдийг төөрөгдүүлсэн, эмийн үнийн дээд хязгаарыг хэтрүүлсэн, өрхийн эмчтэй үгсэн хуйвалдах зэрэг  хууль бус зохисгүй үйлдлүүдийг удаа дараалан гаргаж, эмийн үнийн хөнгөлөлтийн хүртээмжийг улам бууруулж байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан эмийн үнийн хөнгөлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын санхүүжилтийн дутагдлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ оны 4-6 дугаар сард эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийн эх үүсвэрийг  нэмэгдүүлж, уг нэмэгдэл төсвийг тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх эмийн сангуудад ижил хэмжээгээр хуваарилах зарчим баримтлан, төсвийн сарын шинэчилсэн хуваарийг баталлаа.

Эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг нэмэгдүүлсэнтэй холбоотой өрх сум тосгоны эрүүл мэндийн төвүүд болон даатгалын гэрээ бүхий эмийн сангууд нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг иргэд, даатгуулагчдад тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх үүднээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл хүргүүллээ.

Даатгалын гэрээ бүхий эмийн сангуудад:   

-Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нөөцийг хангалттай хэмжээнд байлгах; нэмэгдүүлсэн төсвийн зөрүү хэмжээгээр эмийн үнийн дээд хязгаарыг баримтлан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг даатгуулагчдад түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр үргэлжлүүлэн үзүүлэх

– Эмийн нөөц байхгүй шалтгаанаар эмийг дутуу олгох, иргэдийг буцаах, чирэгдүүлэх, эмийн санд сарын эхэнд оочер дараалал үүсгэхгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах

– Удаан хугацаагаар /нэг сараас дээш хугацаагаар/ хэрэглэх эмийг эрх бүхий эмчийн заасан тоо, хэмжээ, уух хугацааг баримтлан нэг удаадаа сар хүртэлх тунгаар олгох, жорын бичилтэд тавих дотоодын хяналтыг улам эрчимжүүлэх

– Даатгалын сангийн санхүүжилттэй холбон иргэд даатгуулагчдад буруу ташаа мэдээлэл өгөх, буцаах, тэднийг төөрөгдүүлэхгүй байх. шаардлагагүй жор бичилтийн тоог бууруулах, эмийн зохистой хэрэглээг хангах үүднээс өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор өрхийн эмчтэй үгсэн хуйвалдах, хууль бус үйлдэл гаргахгүй байх ,

        Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд:

– Өрх, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж буй бүх эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэд, даатгуулагчдад тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх, даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүднээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах

– Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/86 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын цахим жор бичих эмчийн эрх, үүрэг болон хориглох зүйл бүрийг чанд мөрдөж ажиллах, зөвхөн тухайн эрүүл мэндийн төвд бүртгэлтэй даатгуулагчид жор олгох

-Дээрх журмын дагуу эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг ялангуяа зорилтот бүлгийн даатгуулагчдад тэгш, хүртээмжтэй хүргэхэд анхаарах, холбогдох арга хэмжээг авах

-ДЭМБ, ЭМЯ-аас гаргасан зөвлөмжийн дагуу өрх, сумын эрүүл мэндийн төвийн болон нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байдаг, өөртөө үйлчлэх чадваргүй 70 буюу түүнээс дээш насны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвтэрт байгаа иргэдэд шаардлагатай тохиолдолд эмийн цахим жорыг эрүүл мэндийн төв дээр ирүүлэхгүйгээр бичих, жорын мэдээллийг ЭМД-ын цахим жорын системд тухай бүр үнэн зөв бүртгэх, мэдээлэх

-Шаардлагагүй жор бичилтийн тоог бууруулах, эмийн зохистой хэрэглээг хангах үүднээс эмийн сантай хамтын ажиллагааг сайжруулахыг чиглэл болголоо.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь цаашид зөрчил, дутагдал гаргасан эрүүл мэндийн төв, эмч нарыг удирдах дээд байгууллага болон ёс зүйн хороонд нь мэдэгдэх, олон нийтэд зарлах, цахим жорын системд нэвтрэх эрхийг цуцлах, даатгалын санд учруулсан төлбөрийг төлүүлэх, даатгалын гэрээг түдгэлзүүлэх, цуцлах, холбогдох хуульд заасан хариуцлага тооцох зэрэг шат дараалсан арга хэмжээг хариуцлагатайгаар авч хэрэгжүүлэх болно.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй