by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг зарим эмийн санд явцын хяналт шалгалт хийлээ.

2020/05/12    426 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий зарим эмийн сангийн даатгуулагчдад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хугацаанд эмийн сангийн ачаалал, зайлшгүй шаардлагатай эмийн нөөц, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлж буй даатгуулагчдад ямар нэг хүндрэл, чирэгдэл үүсч буй эсэхийг тодруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилготой явцын хяналт шалгалтыг энэ сарын эхний долоо хоногт сонгон авсан 60 эмийн санд хийж гүйцэтгэлээ.

Тус хяналт шалгалт нь “COVID-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан заавар зөвлөмжийг баримтлан ажиллаж байгаа эсэх, хөнгөлөлттэй эмээр сард үйлчилсэн хугацаа, эмийн хангалт, цахим системийн ажиллагааг шалгах чиглэлүүдийн хүрээнд хийгдлээ.

Хяналт шалгалтаар зарим эмийн сан халдварын нөхцөл байдалтай холбогдон гарсан заавар зөвлөмжийг баримтлаагүй, өрхийн эмч цахим жорын дугаарыг алдаатай бичих, өвчний онош бичээгүй байх, оношид тохироогүй эм бичих, шаардлагатай эмийн татан авалт, нөөц бүрдүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Энэ нь эргээд даатгуулагчдад чирэгдэл үүсгэж жорд бичигдсэн эмээ дутуу авах, эмийн тун болон цахим жорын дугаар буруугаас өрхийн эрүүл мэндийн төвд дахин очиж жор бичүүлэх, төсөв дуусаагүй эмийн сан хайх, урт дараалалд удаан хугацаагаар зогсох зэрэг хүндрэлүүд үүсгэх гол нөхцөл болж байлаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх үйлчилгээг цахимжуулан байнга хөгжүүлэлт хийж байгаа ч тухайн эмийн сангийн программ  хангамжийн техникийн хүчин чадал болон ажилтны програмын мэдлэг дутмаг байдлаас зарим тохиолдолд цахим системд үүссэн доголдлыг даатгуулагчдад “Эрүүл мэндийн даатгалын цахим систем нь болохгүй байна” гэсэн ташаа мэдээлэл өгч иргэдийн дунд зохиомол бухимдал үүсгэх нэг шалтгаан болоод байгаа юм.

Мөн даатгуулагч иргэд ажлын цаг эхлэхээс 4-5 цагийн өмнө ирж дугаарлан зогсох, шаардлагагүй эм авах, нөөцлөх, нэг хүн 3-аас дээш цахим жор бичүүлж ирэх, эмийн сангаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хүн хоорондын зайг баримтлахгүй нийтлэг дутагдал илэрч байлаа.

Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх ажлуудыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас үе шаттайгаар гүйцэтгэн ажиллаж эхлээд байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй