by
7010-1128

Эрүүл мэндийн даатгал

Тусламж үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:

1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

Даатгуулагч хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн нийгмийн даатгалын байгууллагаатай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамааран 145 500-804 090 төгрөгийг, мөн даатгалын гэрээ бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 84 000-406 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс тухайн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Ажил хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй даатгуулагч аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө. Харин төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна. Жишээ нь: Даатгуулагч 3-р эмнэлэгт цөсний /нээлттэй/ мэс засал хийлгэн хэвтэн эмчлүүлэхээр болсон тохиолдолд даатгуулагчийн өвчний оношоос хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 560460 төгрөг. Даатгуулагч үүний 15 хувь буюу 79569 төгрөгийг өөрөө хариуцан төлөх бөгөөд үлдэх 450891 (530460-79569) төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт төлнө. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцан төлдөг иргэдийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% хариуцан төлнө.

2. Амбулаторийн үзлэг, хяналт

Даатгуулагч аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, гуравдугаар шатлалын эмнэлэгээс амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд үзлэгийн төлбөр болох 15 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс тухайн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Харин хувийн эмнэлгүүдээс Ачтан, Номун, Мишээл эмнэлгүүдийн мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй хийгдэх амбулаторийн үзлэгийн төлбөр болох 15 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс тухайн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. /Тухайн сардаа тухайн эмнэлэгт кабинет тус бүрийн 2 удаагийн үзлэг Эрүүл мэндийн даатгалд хамаарна./ Жишээ нь: Даатгуулагч Улсын нэгдүгээр төв эмнэлэгт дотрын кабенитад-2 удаа, эмэгтэйчүүдийн кабинетид-1 удаа, мэдрэлийн кабинетад-2 удаа амбулаторийн үзлэг хийлгэсэн бол нийт 5*15000=75000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчийн өмнөөс тухайн эмнэлэгт төлдөг.

3. Оношилгоо, шинжилгээ, эмчилгээ

Даатгуулагчийн өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу тухайн сард тухайн эмнэлэгт 55 000 хүртэлх төгрөгийн оношилгоо, шинжилгээний төлбөрийг тухайн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Мөн даатгуулагч шаардлагатай тохиолдолд тухайн сард хийгдсэн оношилгоо, шинжилгээнүүдийг багцлан нэг удаад улирлын зардлын хэмжээ 55000*3сар=165000 төгрөг хүртэлх төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой. Ачтан, Номун, Мишээл эмнэлгүүдийн мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй хийгдэх оношилгоо, шинжилгээний төлбөр болох 55 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс тухайн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг.

4. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ор бүхий эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвд өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлнэ. Жишээ нь: даатгуулагч Амьсгалын замын үрэвсэлт өвчнөөр аймгийн нэгдсэн эмнэлэгт өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ авбал өөрөө төлбөр төлөхгүй бөгөөд 110957 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлнө. /Өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээний зардал өвчний оношоос хамааран өөр өөр бөгөөд 158 895 хүртэлх зардлыг ЭМД-н сангаас хариуцан төлнө./

5. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд зардалд 300 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт төлнө. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардалд даатгуулагчаас төлбөр төлөхгүй.

6. Уламжлалт эмчилгээ

Даатгуулагч уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас 117000 төгрөгийн зардлыг тухайн эмнэлэгт төлнө

7. Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ

Даатгуулагч рашаан сувиллаар үйлчлүүлэн нөхөн сэргээх үйлчилгээ авах эрхтэй. Нийгмийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээтэй рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд даатгуулагч хөнгөлөлт эдэлнэ. Жишээ нь: Даатгуулагч рашаан сувилалд нөхөн сэргээх үйлчилгээ авсан бол тухайн сувиллын тогтоосон тарифаас даатгалын сангаас хөнгөлөх 110 000 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг өөрөө хариуцна. Өөрөөр хэлбэл сувиллын 1 хоногийн тариф 25.000 төгрөг гэвэл даатгуулагч 10 хоног нөхөн сэргээх үйлчилгээ авахад 250 000 төгрөгийг төлөх естой. Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан даатгуулагийн 110 000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас олгох тул даатгуулагч 140 000 төгрөгөөр уг тусламж үйлчилгээг авах боломжтой юм.

8. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн ерөнхий нэршлийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ./2016 он/

Даатгуулагч өрх, сум, баг аймаг дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 818 орчим нэр төрлийн эмийн үнийн 40-80 хувийн хөнгөлөлтийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас эдлэх эрхтэй.

 

9. Хорт хавдрын химийн

Химийн өдрийн эмчилгээний хувьд өвчтөн оношлгоо, шинжилгээг олон дахин давтан хийлгэх шаардлагатай.Өвчтөний өвчний хүнд, хөнгөн байдлаас хамаараад химийн эмчилгээг нэг өвчтөнд дунджаар 6 удаа хийдэг.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолоор хорт хавдрын химийн өдрийн эмчилгэээний тохиолдол бүрт 450,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр хийдэг болсноор өвчтөний өөрөөсөө төлөх төлбөр багасч, энэхүү өртөг өндөр эмчилгээг даатгуулагч-өвчтөн санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр хүртэх боломжтой болсон.

10. Хорт туяаны өдрийн эмчилгээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолоор хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний төлбөрт өдөрт 66,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр хийдэг болсноор өвчтөний өөрөөсөө төлөх төлбөрийн хэмжээ багасч, энэхүү өртөг өндөр эмчилгээг даатгуулагч-өвчтөн санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр хүртэх боломжтой болсон байна.

11. Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ

Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145 500 – 804 090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлнө

12. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээнд түүний нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулах

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулна.

13. Өндөр өртөгт тусламж, үйлчилгээ

“Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ” –ний дагуу 18 төрлийн тусламж, үйлчилгээнд 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх бөгөөд 975 – 28 740 750 төгрөгийн хөнгөлж даатгуулагчийн санхүүгийн ачааллыг эрүүл мэндийн даатгалын сангаас хуваалцана.

Эрүүл мэндийн даатгал

Санал хүсэлт

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй