by
7010-1128

Бидний тухай

Мэндчилгээ

Монгол Улс 1990-ээд оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт суурилсан тогтолцооноос татгалзаж, улс орныг зах зээлийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагаар  хөгжүүлэх зорилт тавьж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарт өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн он жилүүд байлаа.

Энэхүү зорилтын хүрээнд иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцаж байсан эрүүл мэндийн санхүүжилтийн зарчим өөрчлөгдөж, төр, ажил олгогч, даатгуулагч  шимтгэл төлж, сангийн орлогыг бүрдүүлэн уг сангаас эрүүл мэндийн улмаас үүссэн санхүүгийн эрсдэлээ хуваалцах үзэл баримтлал бүхий “эрүүл мэндийн даатгалын шинэ тогтолцоо”-г нэвтрүүлэхээр зорьж, 1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсан нь эрүүл мэндийн даатгалыг зах зээлийн жишиг, загвараар хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм.

Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын анхны алба 1994 оноос бий болж, “Монгол даатгал” компанийн эрхлэх ажлын хүрээнд 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр эрүүл мэндийн даатгалын төв байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай, бие даасан бүтэцтэй, 140 орчим орон тоотой, Монгол Улсын хүн амын 90 гаруй хувийг даатгалд хамруулж, жилдээ давхардсан тоогоор 6.0 сая гаруй даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг худалдан авч төрийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогыг тодорхойлох томоохон алба болон хөгжиж байна.

Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн 23 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага эрхлэн гүйцэтгэж, эрүүл мэндийн даатгалын шинэ тогтолцоог нутагшуулах, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан ойлгуулах, даатгалын одоогийн бааз суурийг бүрдүүлэхэд энэхүү салбарт ажиллаж байсан үе үеийн удирдлага, ахмад ажилтан, хамт олон, одоо ажиллаж буй Та бүхэн ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж ирсэнд талархал илэрхийлье.

Эрүүл мэндийн даатгалын хүрсэн түвшин, ажлын үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлвэл, 1995-2017 онд даатгалын санд 2.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 1.6 их наяд төгрөгийн даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр, зардлыг худалдан авч, давхардсан тоогоор 50.0 орчим сая иргэнд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлж, нийгмийн даатгалын сангийн орлогын тавны нэгийг бүрдүүлж, эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 18.0-31.5 хувийг, тусламж, үйлчилгээний зардлын 40-45 орчим хувийг эрүүл мэндийн даатгалын санхүүжилт эзэлж байна.

Энэхүү эрүүл мэндийн даатгалын хүрсэн түвшинг дордуулахгүй, даатгуулагч руу чиглэсэн дэвшилтэт, сайн бодлогын болон үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан хөгжүүлэх, засаж сайжруулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллах  нь бидний үндсэн үүрэг байх болно.

Бидний эрхэмлэх үнэт зүйл бол “даатгуулагчийг дээдэлсэн, үйлчлүүлэгч төвтэй” эрүүл мэндийн даатгалын хөгжлийг хангах явдал юм.

Эрүүл мэндийн даатгалд цахим систем, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний мэдээллийг даатгуулагчид цахим хэлбэрээр тухай бүр хүргэх, даатгуулагчийн сэтгэл ханамжийг үнэлэх аргыг боловсронгуй болгох, давхар хяналт болгон ашиглах замаар даатгуулагчаа дээдэлсэн бодлогыг хэрэгжүүлэхийг зорино.

Эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог төгөлдөржүүлэх, бодлогын болон үйл ажиллагааны зөв менежмент, маркетингийг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж чадна гэдэгт Та бүхэндээ итгэж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

Ч.АЛТАНХУЯГ

Санал хүсэлт

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй